Сайн байцгаана уу?
Энэхүү бичвэрээ Англи хэл сурч буй болон Англи хэл сурах хүсэлтэй боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүстээ зориулав.
Жич: Уншигч таньд илүү “наалдацтай” болгох үүднээс өөрийн бяцхан түүхээрээ баяжуулсан болно.
- Learning English is not rocket science!
- Англи хэл "амархан" сурах арга #1: Сургалтанд суух
- Арга #2: Англи хэл сурч буй зорилгоо тодорхойлох
- Арга #3: "сургалт"-ын төлөвлөгөө гаргах, түүнийгээ дагаж мөрдөх
- Арга #4: Англи хэлээр өөрийгөө "хүрээлүүлэх"
- Арга #5: Дуртай зүйлсээ Англиар сурах
- Дүгнэлт: Сураад сураад сурдаггүй "хөлдүү толгой" гэж бий юу?
Learning English is not rocket science!
Юуны түрүүнд Англи хэл сурах нь тийм ч хэцүү биш! (Learning English is not rocket science!) гэж хэлмээр байна.
ГЭХДЭЭ заримдаа бид Англи хэлийг удаан хугацаанд “үзсэн” мөртлөө сайн сурдаггүй шүү дээ. Яагаад???
Миний хувьд ихэнх 1990-ээд оны хүүхдүүдийн адил дунд ангиасаа Англи хэлийг сурч эхэлсэн. Арван жилдээ Англи хэлийг “бүхэл бүтэн” таван жил үзсэн боловч бараг “юу ч сураагүй”.
Ангидаа Англи хэлээрээ “дундаас дээгүүр”-т тооцогддог байсан ч яг үнэндээ ойр зуурын хэдэн дүрэм мэддэг, Англиар уншиж, бичиж чаддаг, Англи хэлний хязгаарлагдмал үгийн сантайгаар Их сургуулийн оюутан болж байлаа.
Багшийн заасан сэдвийн хүрээнд “сайн” ойлгоод, Англи хэлний шалгалтандаа сайн оноо аваад байдаг байсан болохоор өөрийнхөө Англи хэлийг “болоод байна” гэж боддог байв.
ГЭТЭЛ нэгэн өдөр үеэл эгч маань холбогдоод “Сантис гэдэг сургалтын төв дээр очоод Англи хэлний түвшингээ тогтоолгоод, хичээлдээ бүртгүүлчих” гэж хэлснээр Англи хэлний талаарх ойлголт минь орвонгоороо өөрчлөгдөх эхлэл тавигдсан юм.
Анх Сантист түвшингээ тогтоолгоход дөнгөн данган Level 2-т тэнцсэн (Тухайн үед Level 2 гэдэг нь А1 (Elementary level) буюу ерөнхийдөө үсгээ мэддэг, ойр зуурын хэдэн дүрэм болон үг мэддэг хүмүүс суудаг түвшин байсан) бөгөөд өөрийнхөө түвшинг сонсоод тухайн үедээ өөрийгөө их л чамлаж, бас үеэл эгчдээ хэлэхээсээ санаа зовж билээ.
Хэдийгээр би өөрийгөө голонгуй байсан ч гэсэн үеэл маань надад урам өгөөд, ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр Level 2-5 хүртэл сурах төлбөрийг маань төлж өгсөнд одоог хүртэл маш их баярлаж явдаг.
Тухайн үе (2009 он)-д Сантис сургалтын төв нь 1-5 хүртэлх түвшинтэй (1 түвшиний сургалтын төлбөр 291,000MNT) байсан бөгөөд 5-р түвшинг дүүргэсэн хүмүүсийг IELTS-н шалгалтанд ~5 оноо авах боломжтой (B1 – Intermediate) боллоо гэж үзээд IELTS-д бэлтгэх сургалтанд суухыг зөвлөдөг байсан.
1 түвшиний сургалт 100 цаг буюу ~2.5 сар үргэлжилдэг байсан бөгөөд миний хувьд Level 2-оос Level 5-аа төгстлөө ~1 жил сураад 2010 оны сүүлээр IELTS-н шалгалт өгч overall 5.5 оноо авсан.
Өөрөөр хэлбэл, миний хувьд Англи хэлний сургалтанд сууснаараа 1 жилийн дотор Англи хэлний түвшинээ бүхэл бүтэн IELTS-н 4 оноогоор ахиулсан бөгөөд Англи хэлний сургалтанд суухын ач холбогдлыг ингэж өөрийн биеэр мэдэрсэн юм.
Англи хэлний сургалтанд суусныхаа дараа бодоход “Англи хэл нь ойлгоход хэцүү төвөгтэй, хүн ойлгохын аргагүй тийм нарийн зүйл БИШ” байсан бөгөөд гол нь өмнө нь надад Англи хэлэндээ гаргах цаг хугацаа болон мэргэжлийн, “шахуу” төлөвлөгөөт сургалт, Англи хэлэндээ зарцуулах хөрөнгө оруулалт (мөнгө) дутагдаж байж ээ гэдгийг ойлгосон.
Англи хэл “амархан” сурах арга #1: Сургалтанд суух
Хэрвээ та яг одоо Монголд байгаа бөгөөд Англи хэлний түвшин тань хангалттай сайн гэж санагдахгүй байвал та хамгийн түрүүнд өөрийн Англи хэлний түвшинг тодорхойлуулаад, сургалтанд суух эсэхээ шийдээрэй.
Та сургалтын төвд түвшингээ тогтоолгох боломжтойгоос гадна https://www.cambridgeenglish.org/test-your-english/ энэ холбоосыг ашиглаж түвшингээ мэдэж болно.
ГОЛ НЬ хэрвээ таны одоогийн Англи хэлний түвшин B1 (Intermediate)-с бага бол эргэлзэлгүйгээр “ямар нэгэн” сайн сургалтанд суугаарай.
Мэдээж Англи хэлийг бие дааж сурах боломжтой ч миний бодлоор сургалтанд сууж мэргэжлийн багшийн удирдлаганд суралцах нь маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр болоод мөнгө хэмнэдэг гэж боддог.
Одоо үед цахимаар болон танхимаар, үнэтэй болон үнэгүй, том хүнийх болон хүүхдийнх, гадаадынх болон дотоодынх гэх мэт маш олон төрлийн Англи хэлний сургалтууд байдаг болсон болохоор тэр дундаас өөрт тохирохоо сонгоод сурахыг хүсье.
Миний хувьд зөвлөхөд одоо сургалтын чанар нь хэр байгаа юм гэхээс 2009 онд хамгийн сайн нь Сантис л байсан (http://www.santis.mn/).
Мөн эцэг эхчүүд, ах эгч нартаа хандахад, таны хүүхдийнхээ, дүүгийнхээ ирээдүйд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бол хүүхдээ, дүүгээ Англи хэлний сургалтанд “аль болох” эртнээс суулгаж, чиглүүлж өгөх явдал юм шүү.
Ялангуяа хүүхэд тань, дүү тань “улсын сургууль”-д сурдаг бол ямар нэгэн байдлаар хичээлээс гадуурх Англи хэлний нэмэлт сургалтанд “эртнээс” суулгасан нь зүйтэй болов уу …
Арга #2: Англи хэл сурч буй зорилгоо тодорхойлох
Заа бараг Англи хэлний багш, сургалт болгон асуудаг байх.
“Та яагаад Англи хэлийг сурах болсон бэ? Зорилго нь юу вэ? Англи хэлний шалгалтанд хэдэн оноо авахаар зорьж байгаа вэ?” гэж …
Таны мэдэж байгаачлан Англи хэл сурах нь нэг хоёрхон өдрийн дотор юм уу, эсвэл 1, 2 сарын дотор биелдэг зүйл биш, урт хугацааны хичээл зүтгэл, давталт шаардагддаг.
Англи хэл сурах зорилгоо тодорхой болгож байж л урт хугацаанд амжилттай, шантралгүйгээр сурч чадах бөгөөд хүн хүнээсээ хамаараад Англи хэл сурах зорилго нь янз бүр байж болно.
Жишээ нь, миний хувьд Австрали улсад Мастерт сурах зорилго тавьсан. Мастерт сурахын тулд IELTS overall 6.5, reading, listening, writing, speaking дээрээ at least 6 point/each гэсэн шалгууртай байсан.
Миний Англи хэл сурах зорилго тодорхой, IELTS overall 6.5 (at least 6 point/each) байсан учраас зорилтот оноогоо авахын тулд аль болох IELTS-ийн шалгалтын материалууд дээр ажиллаж, академик үгийн сан (academic vocabulary)-гаа нэмэгдүүлэх, эссэний загвараа цээжлэх, Англи хэл дээр өөртөө итгэлтэй ярьж сурах тал дээр түлхүү ажилласан.
Хэрвээ миний Англи хэл сурах зорилго Англи хэлээ ашиглаад “Дэлхийгээр үүргэвчтэй аялал хийх” байсан бол би магадгүй өдөр тутмын харилцан ярианы Англи хэлэндээ анхаарч, эссэ бичих, мэргэжлийн үг хэллэг цээжлэх гэж санаагаа чилээхгүй байсан байх, гэх мэтчилэн таны Англи хэл сурч буй шалтгаан, зорилго зэргээс хамаараад таны сургалтын төлөвлөгөө, хийх дасгал ажлууд өөрчлөгдөнө.
Мөн зорилго тодорхой байх үед ШАНТАРДАГГҮЙ.
2016 онд ах маань надад НЭГ амлалт өгсөн юм. Тэр нь юу вэ? гэхээр, “Ах нь чамайг IELTS-н шалгалтаа даваад, Австралийн сургуулиас сурах урилгаа авчихвал эхний улирлын төлбөрийг чинь зээлье” гэсэн.
Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг “ахын амлалтыг халуун дээр нь яаж ийж байгаад 6.5 оноогоо авчих юмсан” гэж маш их хүссэн. Гэхдээ тухайн үед би төрөх дөхчихсөн, тогоо шиг том гэдэстэй, дээрээс нь Монголд Магистраа хамгаалах гээд маш завгүй байлаа.
Энэ үед ээж маань “Оролдлого сайт оройд нь гэдэг, миний охин эхлээд сайхан төрчих, дипломоо хамгаалчих. Дараа нь ээж нь хүүхдийг нь хараад өгье, нялх хүүхэд чинь төрснийхөө дараа 4н сар хүртлээ унтаад л байдаг болохоор миний охин энэ үеийг нь “ашиглаад” хичээгээд үз” гэж билээ. Үнэхээр л ээжийн хэлсний дагуу бүх зүйлс сайхан бүтэж, охин маань ч маш тайван, сайхан унтаж, ээжийнхээ хичээлийг “сайн” хийлгэдэг байсан даа.
Өөрийнхөө тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн бодохоор “жирэмсэн, нялх хүүхэдтэй, дээрээс нь сургуулиа төгсөх гээд завгүй, гамаа барьж биеэ бодох ёстой, сургалтанд суух боломжгүй, хувиараа 3н сар бэлдээд 6.5 оноо авахад хэцүү, гэртээ интернэтгүй, хангалттай сургалтын материал байхгүй, гэх мэт” шалтаг тоочсон бол шантарвал шантрахаар л байсан юм билээ.
Заримдаа “Оноогоо авч чадахгүй бол яана аа?, IELTS-н шалгалт хямдхан биш шдээ, хайран шалгалтын мөнгө болвол яана аа?” гэж санаа зовдог байсаан бас … Тэр үедээ 5н ханатай гэрээ нэг эргүүлж тойруулж хараад, хажууд унтах хүүхдээ бас харна аа … “
“Ээж хүн чинь хүүхдийнхээ төлөө хүчтэй байх хэрэгтэй, охиноо илүү сайхан орчинд, “байр”-нд амьдруулахын тулд аав ээж 2 нь заавал Австрали явах хэрэгтэй, тэгэхийг тулд ээж нь сайн хичээгээд хэрэгтэй оноогоо ЗААВАЛ авах хэрэгтэй” гээд л унтаж байгаа охинтойгоо 1 яриад, зорилгоо санаад буцаад л хичээлээ хийдэг байсан даа …
Ингээд бодохоор миний Англи хэл сурсан ҮНДСЭН ШАЛТГААН нь IELTS overall 6.5 оноо авах БИШ, авсан оноогоо ашиглаж, гадаад явж, АМЬДРАЛЫН ЧАНАРАА САЙЖРУУЛАХ (мөнгө цуглуулж, өөрийн гэсэн байр авах) байсан юм байна лээ …
Энэхүү бичвэрийг уншиж байгаа та бодоод үзээрэй. “Би яагаад Англи хэл сурч байгаа вэ?” гэж …
Англи хэл сурч буй зорилго тань тодорхой болсон цагт таньд хэн нэгэн “Англи хэлээ давтаач ээ” гэж хэлэх шаардлагагүй болно.
Учир нь, зорилго нь тодорхой, чухал ач холбогдлыг нь ойлгосон хүн өөрөө хүсээд, өөрөө эрж хайгаад Англи хэлээ сурна. Өөрийн сонирхлоороо, хүслээрээ хийж байгаа зүйлс бусдын “эрх”-нд орж хийснээс хамаагүй илүү амархан, утга учиртай санагдах биз ээ …
Тиймээс Англи хэл сурч буй, сурах “ёстой” шалтгаанаа тодорхой болгоод, шантармаар үедээ эргэн нэг санаад хүчийг авч байгаарай 🙂
Арга #3: “сургалт”-ын төлөвлөгөө гаргах, түүнийгээ дагаж мөрдөх
Хэрвээ та дээр дурьдсанчлан:
- Англи хэлний одоогийн түвшингээ тогтоосон
- Англи хэл сурах зорилго болон авахыг зорьж буй оноогоо тодорхойлсон бол одоо сургалтын төлөвлөгөөгөө гаргаарай.
IELTS-н шалгалтын 0.5 оноог ахиулахад ~6 долоо хоногоос 3 сарын бэлтгэл шаардагддаг гэж үздэг бөгөөд мэдээж та өдөрт хэдэн цагийг Англи хэлэнд зарцуулахаас бэлтгэлийн хугацаа “шууд” хамаарна.
Зорилтот оноо тань хэд вэ? гэдгээс хамаарч хэр зэрэг бэлтгэл сургуулилт хийсний эцэст Англи хэлний түвшин тогтоох шалгалтаа өгөх вэ гэдэг багцаа тань гарна.
Жишээ нь, таны одоогийн Англи хэлний түвшин A2 буюу Pre Intermediate байлаа гэхэд IELTS-н шалгалтнаас 4.0-5.0 оноо авахын тулд дор хаяж 3 сар эрчимтэй бэлдэх хэрэгтэй гэсэн үг. 3н сарын бэлтгэл гэдэг нь ойролцоогоор 200 цагийн бэлтгэл бөгөөд бэлтгэлийнхээ төгсгөлд ЗААВАЛ Mock test өгч, хүссэн оноондоо дөхөж үү? үгүй юу? гэдгээ шалгаад, Mock test-н дээрээ хүссэн оноогоо авсан цагтаа л жинхэнэ шалгалтаа book-лээрэй.
Гэвч төлөвлөгөө гаргах амархан ч түүнийгээ дагаж мөрдөх нь санасныг бодвол “шандас” шалгана аа …
Англи хэл сурах төлөвлөгөөгөө дагахын тулд аль болох:
- Өөртөө challenge зарлах (14 өдрийн эссэ бичлэгийн challange зарлаж өдөрт 9 онооны 1 эссэ хуулж бичих, бүтцэнд нь орж буй үгнүүдийг дарааллын дагуу цээжлэх, гэх мэт)
- Англи хэлэнд зориулсан цагийн хуваарьтай болох
- Өдөр өдөрт хийх хичээлээ тодорхой байлгах (Өдөрт 2 ширхэг TedX сонсох, мэдэхгүй 10-н үгээ тэмдэглэж цээжлэх, гэх мэт)
- Хичээлээ хийж чадаагүй үедээ өөрийгөө “их” зэмлэж шаналалгүйгээр буцаж хэмнэлдээ орох
- Англи хэлээ хамт хийдэг найзтай болоорой.
Англи хэл сурах төлөвлөгөөтэй байх нь төлөвлөгөөгүй байхаас хамаагүй илүү үр дүнтэй шүү, амлая …
Арга #4: Англи хэлээр өөрийгөө “хүрээлүүлэх”
Миний хувьд “Англи хэл бол хүний хэл”, хэрэглэхгүй байвал мартдаг, надад Англи хэлээр илэрхийлж чадах зүйлс байгаа ч цаана нь бас сурах зүйлс ҮРГЭЛЖ байдаг, тасралтгүй суралцах шаардлагатай.
Тиймээс өөрийгөө Англи хэлээр хүрээлүүлж, Англи хэлийг аль болох өдөр болгон хэрэглэхийг хичээдэг.
Өөрийгөө яаж Англи хэлээр хүрээлүүлэх вэ? (хаалтанд өөрийнхөө хэрэглэдэг зарим site-г жишээ болгон дурьдлаа)
- Англи хэл дээр ном унших, сонсох; уншингаа сонсвол бүүр сайн
- Номын сангуудаас Англи хэл дээр ном авах, тухайн номны сонсдог хувилбар нь байвал уншингаа давхар сонсох. Жишээ нь, audible (https://www.audible.com.au/)
- Англи хэл дээр мэдээ, кино үзэх, дуу, podcast сонсох (https://www.bbc.co.uk/sounds/podcasts, https://www.bbc.com/news, https://www.youtube.com/user/TEDxTalks)
- Social media дээр гадаад хүмүүс болон сувгууд дагах
- Өдрийн тэмдэглэлээ Англиар бичих (http://Grammarly.com)
- Англи хэлээр ярих хугацаагаа аль болох нэмэгдүүлэх (ном чангаар унших, хамт ярих хүнгүй үед тольтойгоо ярих, дуугаа хурааж аваад эргүүлж сонсож алдаагаа хянах, дуудлагаа засч сайжруулах – Improve your English pronunciation using YouTube: https://youglish.com/)
- Мэдэхгүй Англи үгээ Англи-Англи тольноос харах (https://www.collinsdictionary.com/us/dictionary/english)
Миний хувьд Монголд байхдаа Австралид л оччихвол Англи хэлэндээ сайжирна, Англи хэлээр ярьдаг оронд л оччихвол Англи хэлэндээ “ус цас болно” гэж боддог байлаа …
Гэтэл яг үнэндээ “Монголчуудтайгаа амьдардаг, Монголчуудтайгаа хамт сурч, ажилладаг, найзладаг, гэртээ Монгол сувгаа үзэж, Монгол дуугаа сонсдог, Монголоор л яриад байдаг” бол Англи хэлтэй оронд хэр удаан амьдарснаас ҮЛ ХАМААРАН, Англи хэл сурах “боломжгүй” юм байна гэдгийг Австралид ирснийхээ дараа л ойлгосон.
Харин эсрэгээрээ, хилийн дээс алхаж үзээгүй ч дээр дурьдсан аргуудаар Англи хэлээ давтаад л байвал Англи хэлээ Монголдоо ч сайжруулах боломжтой шүү, баттай хэлье.
Хэрэглэхийн хэрээр л хэл тань сайжрана шүү …
Арга #5: Дуртай зүйлсээ Англиар сурах
Таны хобби юу вэ? Та ойрын үед юу сурмаар байна?
- Мэргэжлийн түвшинд зураг авах, бичлэг хийх, дрон нисгэх
- Эвлүүлэг хийх
- Хоол хийх
- Хөгжим тоглох
- Цэцэг тарих
- Гагнуур хийх,
- Нүүрээ будах
- Website, PhotoShop гэх мэтчилэн та юу сурмаар байна, юу сурах хэрэгтэй байна бүгдийг нь Англи хэл дээр сураарай. YouTube дээр бүгд байгаа …
Англи хэл дээр үзэхээр эхэндээ мэдэх үг ховорхон, үгнүүдээ ялгаж сонсоход бэрх, хэтэрхий хурдан яриад байгаа мэт “хэцүү” санагдвал “Санаа зоволтгүйдээ, бүгд л ингэж эхэлдэг”.
Subtitle-г нь гаргаад, хурдыг нь 0.75 дээр тавиад, мэдэхгүй үгнүүдээ орчуулаад, зарим үгнүүдийнхээ утгыг нь “барагцаалаад”, ямар ч л байсан ойлгох хүртлээ сонсоод л байгаарай …
Хэрэгтэй чадвараа эзэмшингээ хэлээ давхар сайжруулаад яваарай, win-win шүүдээ.
Дүгнэлт: Сураад сураад сурдаггүй “хөлдүү толгой” гэж бий юу?
Эрүүл мэндийн ноцтой шалтгаангүй л бол “сураад сураад сурдаггүй “хөлдүү толгой” гэж байхгүй шүү”, хүмүүс ээ …
“Дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 1/3 буюу 2 тэрбум гаруй хүн Англиар ярьдаг бөгөөд тэдгээрийн ердөө 372.9 сая нь “төрөлх Англи хэлтэн” (https://en.wikipedia.org/wiki/English-speaking_world)” гэсэн судалгаа байдаг юм байна.
Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 1,6 тэрбум хүн Англи хэлийг 2 дахь хэлээ болгон сурсан гэсэн үг.
1,6 тэрбум хүн гэдэг бас ч гэж бага тоо биш шүү дээ … “Тэр олон хүн сурч болоод байхад та ч гэсэн бас Англи хэлийг сурч болно, сурч ЧАДНА аа” гэж би бодож байна.
Гэхдээ хүн бүрийн сурах ХУРД, АРГА барил өөр байдгаас хамаараад зарим хүмүүс хурдан, зарим нь Англи хэлийг удаан сурч болох юм.
Хэрвээ таны Англи хэл сурах хурд удаан санагдаад байвал сурах АРГА барил тань болохгүй байгаа юм биш байгаа?
Англи хэл сурч байгаа арга барилаа дахин нягтлаад, сайн багшид “шавь ороорой”.
Сайн багштай ч бас л болохгүй байгаа юм биш биз?
“Би яагаад Англи хэл сурах ёстой билээ?” гэсэн зорилгоо дахин нэг бодоорой. Зорилго байхгүйгээр зүгээр л урсгалаараа, “алдаг оног” давтсан болоод яваа юм биш биз?
Сайн багштай, сайн арга барилтай, өдөр болгон хуваарийн дагуу давтсан ч болохгүй байгаа юм шиг санагдаж байна уу?
Тэгвэл яг энэ эрчээрээ, тууштайгаар дахиад 6 сар, 1 жил Англи хэлээ үзээрэй.
Жилийн дараа гарцаагүй ахиц дэвшлээ анзаарах болно …
“Ганцхан жил гүрийгээд Англи хэлээ сурах минь яав даа …” гэж хожим харамсахгүйн тулд одоо л хичээгээрэй, өөрөө өөртөө цаг гаргаарай, өөрөө өөрийнхөө төлөө ТА л хичээх ёстой шүү, боломж зөндөө байгаа 🙂
Асууж тодруулах зүйлс байвал comment үлдээгээрэй.
Энэ хүртэл уншсанд баярлалаа …
Bayrlalaa🙏 Uneheer Mundag shuu👏Proud of you👍 Zovlogooniih n daguu hicheenee 💪
миний найз мундаг шүү. Үргэлж бахархаж хүндэлж явдаг шүү. Гоё зөвөлгөө өгсөнд баярлалаа.
Can I simply just say what a relief to uncover someone that truly understands what theyre talking about online. You certainly realize how to bring a problem to light and make it important. A lot more people have to check this out and understand this side of your story. I was surprised you arent more popular given that you definitely have the gift.
Everything is very open with a really clear description of the issues. It was definitely informative. Your site is useful. Thank you for sharing!