Миний хувьд Монголд байхдаа Австрали явахыг “мөрөөддөг” байсан бол Австралид ирсэнийхээ дараа хэд хэдэн зүйл дээр “харамссан”.
“Харамсал” гэсэн энэ сэдвийн талаар бичих үү? яах уу? гэж “их” бодсон …
“Аав нь өөрөө 10 алдсан болохоор чамайг 5 алдаг гэж үглэдэг юм …” гэж хэн нэгэний бичсэн шиг өөр хэн нэгэнг ирээдүйд над шиг “битгий харамсаасай” гэсэндээ, дүүдээ, найздаа, ахдаа, эгчдээ зөвлөж байна гэж бодоод энэхүү бичвэрээ хуваалцаж байна …
- 1. Англи хэлээ Монголдоо "хамгийн сайнаараа" сураагүйдээ “харамссан” …
- 2. Санхүүгийн төлөвлөгөөгөө сайн гаргаагүйдээ "харамссан" …
- 3. Хэрвээ та Мастерт суралцах хүсэлтэй бол …
- 4. Анхнаасаа “ирээдүйд PR (Permanent Resident) болно” гэсэн алсын хараагүй эхлэсэндээ харамссан …
- 5. Австралид ирээд амьдрал ямар байх талаар бодож, сэтгэл санааны бэлтгэл хийгээгүйдээ “харамссан”
1. Англи хэлээ Монголдоо “хамгийн сайнаараа” сураагүйдээ “харамссан” …
Миний хувьд анх Австралид ирэхдээ IELTS-н 6.5 оноотой, хэлний бэлтгэлгүй шууд Master-д сурахаар ирсэн.
Монголд байхдаа Англи хэл маань болоод байна гэж “эндүүрч”, “Австралид очоод сайн сурна даа” гэж “мөрөөдөж” явлаа … Бүр тэтгэлэг авна гэж боддог байсан гээч …
Гэтэл бодит байдал дээр миний IELTS-н 6.5 оноо тэтгэлэг авах нь бүү хэл Маster/Магистр-т сурахад ч “гологдсон” бөгөөд Австралид ирсэний дараах хамгийн эхний харамсал маань “Англи хэлээ тултал нь хамгийн сайнаараа сурах минь яав даа” байсан …
Миний хувьд хэл “муутай”-гаасаа болоод алдсан боломж маш их …
Наад захын жишээ нь, хэл тааруу байсан болохоор өөрийгөө ангийхандаа, багшдаа, хамт ажилладаг хүмүүстээ сайн ойлгуулж чаддаггүй байсан бөгөөд хэлний ”бэрхшээл”-ээсээ болоод нэг л мэдэхэд өөрийн үгээ хэлэлгүй “залгидаг”, өөртөө итгэлгүй, “дотогшоогоо” төрлийн хүн болж “хувирсан”.
Өөрөөр хэлбэл, Англи хэлний чадвар маань өөртөө итгэх итгэлд минь хүртэл сөргөөр нөлөөлсөн гэх үү дээ …
Хэл “сайтай” байсан бол магадгүй илүү олон найзтай болж, багш нараасаа илүү ихийг сурах боломжтой байсан биз …
Сүүлд анзаарахад “хэлний бэрхшээл” маань авдаг цалинд маань хүртэл “сөрөг”-өөр нөлөөлсөн байсан.
Учир нь, хэл тааруугаасаа болоод өөрийгөө бүрэн илэрхийлж, цалингаа тохиролцож чадаагүй бөгөөд үүнээс үүдэж өөртэйгээ ЯГ АДИЛХАН ажил хийдэг хүнээс 1 жилд 15,000AUD-р БАГА цалин авдаг байсан “байна лээ”.
Яагаад “байна лээ” гэхээр: Миний JOB TITLE хамт ажилладаг хүнийхтэй маань яг адилхан “ХХХ” байсан.
Яг адилхан JOB TITLE-тай, бас яг адилхан зүйл хийдэг байсан учраас “бид 2-ын цалин ойролцоо байх” гэж боддог байсан …
Гэтэл цайны цагаараа “яагаад ч юм” цалингийнхаа талаар ярих үед, нөгөө хүн маань надаас 1 жилд 15,000AUD-р илүү цалин авдаг “болж таарсан” бөгөөд цалингийн зөрүүгээ мэдсэн тэр мэдрэмж, бүүүүүр хамгийн хогийн мэдрэмж байсан …
Яг адилхан зүйл хийдэг, яг адилхан албан тушаалтай, туршлага, боловсрол “ойролцоо” байхад ЯАГААД ийм их зөрүү???
Бодоод үзэхэд би өөрийгөө сайн “сурталчилж, зарж ЧАДААГҮЙ” байсан … Нөгөө л хэлний асуудал …
Энэхүү бичвэрийг маань уншиж байгаа хүмүүстээ захиж хэлэхэд, Монголд байхдаа л хэлээ сайжруулаарай …
Мэдээж таны зорилго ямар ч байж болно, ирээдүйд та хаана ч амьдарч юу ч хийж болно.
Гэхдээ л Англи хэл сурсан байхад таны өмнө маш олон боломж үүд хаалгаа нээх юм шүү …
Өмнөх бичвэрт дурьдсанчлан Англи хэлээр ярьдаг оронд л ирчихвэл Англи хэл тань сайжраад, ”ус цас” болно гэсэн зүйл БАЙХГҮЙ ээ …
Англи хэлээ сайжруулахад тодорхой хэмжээний цаг хугацаа, хичээл зүтгэл, “мөнгө” орно.
Австралид ирээд гаргах ”сургалтын зардал”-аа аль болох бага байлгая гэвэл Монголдоо хэлээ АЛЬ БОЛОХ сайжруулаад ирсэн нь зүгээр …
Мэдээж сургуулиасаа хэлний бэлтгэл авч болох ч ”хэл тааруу” байвал хичээлээ гүйцэхэд хүндрэл учирч болзошгүй бөгөөд, үүнээс үүдэж хичээлдээ ”унах”, даалгавараа хийж чадахгүй ”стресс”-дэх, цаашлаад хүссэн ажилдаа орж чадахгүй байх, ажилд орсон ч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байх гэх мэт сөрөг үр дагавар гарч болзошгүй …
Өдөр тутмын энгийн Англи хэлнээс гадна, хэрвээ та Австралид мэргэжлээрээ сурах, цаашлаад тухайн мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байвал Монголдоо аль болох ”мэргэжлийн Англи хэл”-ээ сайжруулаад ирээрэй гэж зөвлөмөөр байна.
2. Санхүүгийн төлөвлөгөөгөө сайн гаргаагүйдээ “харамссан” …
Анх ирсэний дараа Их сургуулийн сургалтын төлбөрийн дарамт ”асар их” санагдаж байсан.
Ялангуяа нөхөр маань ганцаараа ажиллаж байх үед …
Миний 2 жилийн сургалтын нийт төлбөр 78,000AUD байсан бөгөөд сургуулиасаа Монгол оюутанд олгогддог 10,000AUD-н тэтгэлэг авснаар нийт 68,000AUD-н төлбөртэй ирсэн … (Санаснаас одоогийн байдлаар Macquarie University-н зүгээс Монгол оюутнуудад 20,000AUD-н тэтгэлэг өгч байгаа юм байна лээ шүү …)
Тухайн үедээ 68,000AUD-н төлбөр “хэр их мөнгө” болохын “олигтой” ойлгоогүй, санхүүгийн төлөвлөгөөгүйгээр шууд сурч эхэлсэндээ харамсаж л байсан …
Нөхөртэйгээ хоёулаа зэрэг ажилласан бол дээрх сургалтын төлбөр “арай” амар байсан байх …
Гэхдээ сурч байх үедээ “мама”-тай болоод, манай хүн сүүлийн гурван улирлын төлбөрийг “ганцаараа” төлөх, гэр бүлээ ганц хүний цалингаар “тэжээх” хүндхэн үүрэгтэй тулгарсан даа …
Дээрээс нь сургалтын төлбөрөө төлөх гээд “цуглуулж” байсан мөнгөнөөсөө нөхөр маань “НАЙЗ” гэж итгэж явсан 2 хүндээ “алдаад”, ажилласан цалингаа ч бүрэн авч чадалгүй “баларсан” үе бас л чанга байсан шүү …
Хэрвээ та Австралид суралцахаар төлөвлөж байгаа бол санхүүгийн төлөвлөгөөгөө сайн гаргаарай.
Мөн хүнд МӨНГӨ БИТГИЙ ЗЭЭЛЭЭРЭЙ …
Хэрвээ хэн нэгэнд мөнгө ҮНЭХЭЭР хэрэгтэй бол тухайн хүн сургуулиасаа, хүүтэй мөнгө зээлдэг хүнээс юм уу эсвэл банкнаас ХҮҮГЭЭ төлөөд зээл авах бүрэн боломжтой байдаг шүү …
Мөн сургуульдаа учир явдлаа хэлээд, сургалтын төлбөр төлөх хугацаагаа “тодорхой” хугацаанд хойшлуулах ч боломжтой …
“Таньтай таньгүй дэлхий эргэдгээрээ эргэнэ” гэдгийг ойлгоод, хүний өмнөөс эрсдэл хүлээлгүй, гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байж, санхүүгийн сахилга баттай байгаарай …
Хүнийг хайрлах энэрэх сэтгэлгүй, ”хогийн найз”-ууд зөндөө байдаг болохоор болгоомжтой байгаарай (энэ талаар дараа дэлгэрэнгүй бичнэ ээ …)
Хэн нэгэнд мөнгөө ”алдалгүй”, санхүүгийн төлөвлөгөөгөө сайн гаргаад явбал сурангаа аж амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтой улс шүү, Австрали …
Хэрвээ та Австралид удах төлөвлөгөөтэй бол сургалтын төлбөр “багатай” коллеж-ээс эхлэхэд буруудахгүй болов уу …
Эхний ээлжинд коллежд сурч сургалтын төлбөрийн ”дарамт”-аа “багасгах” боломжтой бөгөөд “зорилгын хувьд”, “хэлний хувьд”, “санхүүгийн хувьд” бэлэн болсон үедээ л Их сургуульд сураарай гэж зөвлөмөөр байна …
Гэхдээ нөгөө талаас мэргэжлээрээ сурья, ажиллая гэсэн хүнд “ямар ч хамаагүй” коллежд сураад л явах нь цаг алдсан зүйл ч болох боломжтой …
Нөгөөтэйгүүр, хэрвээ та хангалттай ур чадвартай бөгөөд түүнийгээ батлах CV-тэй бол мэргэжлийн ажлаа коллеж-д сурч байхдаа ч “олоод” хийх боломжтой шүү …
3. Хэрвээ та Мастерт суралцах хүсэлтэй бол …
Миний хувьд Монголд байхдаа ялгааг нь нээх “тоодоггүй” байсан зүйл бол Master of Research болон Master of Сourse work.
Яг сураад эхэлснийхээ дараа энэ хоёрын ялгааг ”сайн” ойлгож авсандаа …
Master of Research болон Master of Сourse work-ын ялгаа:
Master of Research:
- 3 жил сурна, судалгааны ажил хийж төгсөнө.
- Тэр хэрээрээ сургалтын төлбөр өндөр.
- Сургуулиа төгсөөд Төгсөгчийн виз (visa class 485)-г сурсан чиглэлээсээ хамаарч 3-4 жил авна. Энэхүү төгсөгчийн визний үед ямар нэгэн сургалтын төлбөр төлөх шаардлагагүй бөгөөд гэр бүлийн хүний хамтаар бүтэн цагаар ажиллах эрхтэй байдаг.
- Ирээдүйд Байнгын оршин суугч (Permanent Resident буюу PR)-ийн виз мэдүүлэхэд давуу эрхтэй … Хэрвээ та “онооны систем”-р PR мэдүүлэх бол Master of Research төгссөнөөрөө 5 оноо илүү авна …
- Master of Research-р төгссөн бол дүнгийн голч, судалгааны чиглэлээсээ хамаарч Докторын түвшинд элсэн суралцах боломжтой.
Master of Course work:
- Суралцах хугацаа 2 жил, Баклаварын түвшиний оюутнуудтай нэгэн ”адил” зөвхөн хичээл сонгон судлана. Ямар нэгэн судалгааны ажил хийх шаардлагагүй.
- Тэр хэрээрээ сургалтын төлбөр Master of Research-с “харьцангуй” бага.
- Сургуулиа төгсөөд Төгсөгчийн виз (visa class 485)-г 2 жил авна. Одоогоор Covid-19-тэй холбоотойгоор Төгсөгчийн виз (visa class 485)-г 3 жилээр олгож байгаа.
- Ирээдүйд Байнгын оршин суугч (Permanent Resident буюу PR)-ийн виз мэдүүлэхэд ямар нэгэн давуу “эрхгүй”
- Хэрвээ та ирээдүйд Докторт суралцах хүсэлтэй бол заавал Master of Research-ээр төгссөн байх хэрэгтэй … Тиймээс Master of Сoursework төгссөн хүмүүс 1-2 жил нэмж ”судалгааны ажил” хийгээд, Master of Research-ээ хамгаалдаг.
Монголд хэдийгээр Магистраа хамгаалсан ч гэсэн харамсалтай нь Монголд хамгаалсан Магистр Австралид хүлээн зөвшөөрөгдөхгүй нь “элбэг” учраас “ихэнхдээ” Магистртаа дахин сурах хэрэгтэй болдог …
Тиймээс хэрвээ та Австралид Магистрт сурах төлөвлөгөөтэй бол Монголд Магистр-т сурах уу, үгүй юу гэдгээ бодоорой …
Мөн Магистр-т суралцах явцдаа ГОЛЧ ДҮНдээ анхаараарай …
Дараа дараагийн түвшинд сурахад голч дүн “хамаатай” бөгөөд, ирээдүйд Докторт сурах төлөвлөгөөтэй бол “эхнээсээ” хичээлдээ сайн анхаараарай …
4. Анхнаасаа “ирээдүйд PR (Permanent Resident) болно” гэсэн алсын хараагүй эхлэсэндээ харамссан …
PR (Permanent Resident) гэдэг нь Австралид байнгын оршин суух эрхтэй, 5 жилийн хугацаатай (цаашид сунгуулах боломжтой) виз бөгөөд PR болсноор та сонгууль өгөхгүй л болохоос Австралийн иргэнтэй адил тэгш эрхтэй болно.
Мөн PR болсоноор Монгол улсын иргэншлээсээ татгалзах шаардлагагүй …
PR болсноор Австралид үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа Австралийн засгийн газраас дэмжлэг авах боломжтой болох бөгөөд хүүхдийн сургалтын төлбөр “төлөхгүй”, өөрөө болон хос (эхнэр, нөхөр) тань “хязгааргүй” цагийн эрхтэйгээр ажиллах боломжтой, гол нь сургалтын төлбөрт их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй болно …
PR-н талаар анхнаасаа мэдээлэлтэй байсан бол ядаж л мэргэжил сонголтоо хийхдээ PR авах магадлал арай өндөртэй мэргэжлээр сурч, regional area-д анхнаасаа суурьших байсан болов уу …
Хэрвээ та Австралид “урт хугацаагаар” амьдрах төлөвлөгөөтэй бол PR (Permanent Resident)-н талаар зуучлуулж буй агентлагаасаа дэлгэрэнгүй асуугаарай …
Миний мэдэхээр Garuda Migration гэдэг агентлаг PR-н зөвлөгөө өгч, online семинар явуулдаг.
Нэмж хэлэхэд PR-г зөвхөн Австралид байдаг хүн л мэдүүлдэг юм БИШ, Австралийн “хилийн гаднаас” ч мэдүүлэх боломжтой шүү …
5. Австралид ирээд амьдрал ямар байх талаар бодож, сэтгэл санааны бэлтгэл хийгээгүйдээ “харамссан”
Шинэ орчин, шинэ соёл хүн болгонд өөрөөр тусах нь дамжиггүй …
Миний хувьд Австралид ирсэнийхээ дараа “нэг хэсэг” хямарсан, “соёлын шок”-нд орсон.
Одоо бодоод байхад Австрали явна, сурна гэж догдолж байснаас “Австралид очоод бодит амьдрал ЯГ ЯМАР байх бол?” гэж нухацтай бодоогүйгээс дээрх асуудал үүссэн юм шиг санагддаг.
Монголд байхдаа дандаа “онц сурдаг”, ”мундаг шүү” гэж магтуулдаг байсан хүн “шинэ улс”-д ирээд хэлний асуудалтай, энгийн нэгэн АЗИ болсон болохоор хямрах нь аргагүй л байсан байх …

Жишээ нь, Пүүжээ Австралид ирэхийнхээ өмнө Австралийн тухай төсөөлөхдөө:
- Австралид очоод ХУРДАН “учраа олоод” хүүхдээ авна
- Далайн эргээр зугаалж сайхан “амрана”
- Аялаж шинэ газар үзнэ
- Онц сураад “тэтгэлэг” авна
- Өндөр цалинтай ажил хийж, мөнгөн хуримтлал “үүсгэнэ”
- Дэлхийн 7н гайхамшгийн нэг болох Opera House үзнэ
- Kangaroo, Koala гэх мэт уутат амьтад үзнэ
- Англи хэлэндээ “ус, цас” болно гэж боддог байлаа …
ГЭТЭЛ бодит байдал дээр ямар байсан бэ?

- Санхүүгийн “дарамт”, шинэ мама-тай болсон, COVID-19-с болж хил хаагдсан гэх мэт шалтгааны улмаас хүүхдээ хажуудаа авч чадалгүй, хүүхдээсээ 4 жил 20 хоног тусдаа байсан. Энэ үед нөхөр маань хажууд байгаагүй бол яасан ч давж чадахааргүй байсан …
- Австралид олон эрэг байдаг боловч “ихэнхдээ” сураад, ажиллаад завгүй байсан учраас тэр болгон “байнга” далай орж чаддаггүй
- Австралиар аялана гэж боддог байсан ч Австралид 4 жил байхдаа Сидней-с өөр хотод очиж үзээгүй л явна …
- Сургалтын тэтгэлэг авах нь бүү хэл ХИЧЭЭЛийнхээ доороос 2 жил “өнгийгөөгүй” дээ …
- Австралийн дундаж цалин өндөр байхын хэрээр хэрэглээний зардал, ялангуяа Их сургуулийн сургалтын төлбөр өндөр болохыг “ухаарсан”
- Opera House бол яалт ч үгүй ГАЙХАМШИГ юм байна лээ, гаднаасаа ч, дотроосоо ч. Ганц зүйл дээр ч болов төсөөлөл маань үнэн бодит байсанд баярласан ххх
- Австралид ирсэнээр Kangaroo, Koala төдийгүй арслан, бар, анааш, заан гэх мэт зөндөө олон амьдтыг нүдээр үзсэндээ маш их баяртай байгаа …
- Австралид ирээд 4 жил хагас болохдоо Англи хэлэндээ “ус, цас” болсон юм байхгүй л байна … Гэхдээ яах вэ, “овоо сайжирсан шүү” гэж өөрийгөө “магтая” …
Та бүхэн миний жишээнээс харж байгаа байх …
Аливаа зүйл ЯГ санасан шиг, хүссэн шиг 100% болдоггүй.
Зарим зүйлд таны төсөөлснөөс ИХ цаг хугацаа, тэвчээр, хөдөлмөр, мөнгө орж магадгүй …
Зарим тохиолдолд та бодсон шигээ “хангалттай сайн нэгэн” БИШ ч байж мэднэ …
Гэхдээ юу гээч?
Хэрвээ та хичээл зүтгэлтэй бол, сэтгэл санааны бэлтгэлтэй бол, тууштай бол ХҮССЭН ЗОРИЛГОО ЗААВАЛ БИЕЛҮҮЛЖ ЧАДНА.
Өнөөдөр биш байж болно, маргааш ч биш байж мэднэ, ойрын үед тохиолдохгүй байсан ч зүгээр дээ …
Ямартаа ч та зорилгынхоо төлөө тууштай хичээж л байгаа бол та хүссэн үр дүндээ хэзээ нэгэн цагт заавал хүрнэ, тодорхой.
Тиймээс Австрали эсвэл аль нэгэн улс руу явах гэж байгаа хүн байвал: “Зорьж очиж байгаа газар маань миний төсөөлөл шиг ГОЁ БИШ байж МАГАДГҮЙ” гэж бодоод, АНХНААСАА сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.
Ямар нэгэн сэтгэлээр унах “сорилт” гарч ирвэл, “энэ бүхэн түр зуурын бэрхшээл” гэдгийг өөртөө сануулаад ӨШӨӨ ИЛҮҮ хичээгээрэй …
Энэ хүртэл тэвчээртэй уншсан бүх хүмүүстээ баярлалаа, “зорилго”-доо хүрэх зам тань ДАРДАН БАЙГ ээ …
Нэмэлт: Монголдоо машин барьдаг болоод, жолооны үнэмлэхтэй болоод ирвэл их хэрэгтэй юм байна лээ шүү …
Hi dear,
daraagiin bichvertee Australian PR (Permanent Resident) visa nii talaar delgerengui oruulj ogooch pls…
bux blogiig ni unshlaa mash oilgomjtoi saihan bichjee… Olj unshsandaa mash ix bayartai bn…
Tsaashdiin ajil amidrald ni ondor amjilt xusey….