Өмнөх бичвэрт дурьдсанчлан Австрали улсын сургалтын виз мэдүүлэхэд “тодорхой хэмжээний” шалгуурыг давах хэрэгтэй бөгөөд энэхүү бичвэрээрээ дамжуулан дээрх шалгуурыг хангахад хэрэг болохуйц “багахан” мэдээлэл хуваалцая …
Австрали улсын сургалтын виз мэдүүлэхийн тулд та юу юуг бэлтгэх хэрэгтэй вэ?
1. Санхүүгийн бэлтгэл
1.1. Сургалтын төлбөрийн бэлтгэл
Австрали улс руу сургалтын виз мэдүүлэхийн тулд “дор хаяж” эхний 1 улирлын сургалтын төлбөрөө урьдчилж төлөхийг “ихэнх” сургуулиуд шаарддаг бөгөөд сургалтын 1 улирлын төлбөр сургуулийн зэрэглэл болон таны суралцах түвшин зэргээс хамаарч янз бүр байна.
Жишээ нь, 2018 онд Macquarie Univeristy-д Master of Biotechnology (course work)-р сурахын тулд эхний ээлжинд сургалтын төлбөр болгож ~AUD18,000-г байршуулах шаардлагатай байсан бол 2021 оны байдлаар 10 долоо хоногийн хэлний бэлтгэлтэй коллеж ~AUD8,900 (нийт 10 долоо хоногийн хэлний бэлтгэл болон 1 улирлын сургалтын төлбөр)-н төлбөртэй байсан (Жич: AUD буюу Австрали доллар, 1AUD=2,200 төгрөг гэж үзэв).
Дээрх жишээнээс анзаарахад, Их дээд сургууль болон коллеж нь хоорондоо үнийг хувьд “нилээн” зөрүүтэй бөгөөд та сургалтын виз мэдүүлэхээр бол дор хаяж AUD8,000-г сургалтын төлбөрт байршуулна гэж тооцоод, төлбөрөө “эртнээс” бэлдэх хэрэгтэй байх нь …
Сургалтын төлбөрөөс гадна, сургуулиасаа “урилга” авахын тулд та сургуульдаа бүртгэлийн хураамж ~AUD150-г төлөх хэрэгтэй.
Энэхүү бүртгэлийн хураамж нь сургууль тус бүрээсээ хамаарч үнийн хувьд ялгаатай бөгөөд “эргэн төлөгдөхгүй” гэдгийг анхаарна уу.
Харин сургалтын төлбөрийн хувьд, виз гараагүй тохиолдолд “эргэн төлөгддөг”.
1.2. Эрүүл мэндийн даалтын төлбөрийн бэлтгэл
Виз-нд “орох”-ын өмнө эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх хэрэгтэй бөгөөд түүндээ зориулж “мөнгө хадгалах” хэрэгтэй.
Эрүүл мэндийн даатгал ганцаараа авах уу, хостойгоо хамт авах уу, хүүхдээ оролцуулаад гэр бүлийн даатгал хийлгэх үү гэдгээс хамаарч таны эрүүл мэндийн даатгалын үнэ шийдэгдэнэ. Жишээ нь, миний хувьд 2018 онд Single даатгал 2 жилийн хугацаатай AHM-ээс авахад ~AUD1050 болсон.
Тэрнээс хойш даатгалын үнэ “нилээн” нэмэгдсэн.
Тиймээс та хэрвээ виз-нд орох бол дор хаяж ~AUD1000-г эрүүл мэндийн даатгалдаа өгнө гээд “хадгалаарай”.
Мэдээж гэр бүлээрээ виз-нд орох бол тэр хэрээрээ эрүүл мэндийн даатгал нэмэгдэнэ …
1.3. Хөрөнгийн батлан даалтын бэлтгэл
Австрали улсын сургалтын виз мэдүүлэгч нь “өөрийн амжиргааны зардлыг эхний 1 жилийн хугацаанд бүрэн даах чадвартай” гэдгээ нотлох хэрэгтэй бөгөөд үүнийг “хөрөнгийн батлан даалт/хөрөнгийн баталгаа” гэдэг.
Хөрөнгийн баталгаанд ямар нэгэн байр, газар, мал болон машин, техник хэрэгслийг тооцохгүй бөгөөд, ЗӨВХӨН “дугаар дансанд хадгалагдаж буй төгрөг, валют”-г тооцно.
Өөрөөр хэлбэл та хичнээн олон байр, барилгатай байсан ч гэсэн дансандаа мөнгөгүй бол хөрөнгийн баталгаа тань хангалтгүйд тооцогдож, таны виз гарахгүй байх нь ээ …
Австралид 1 хүн дундажаар жилийн AUD20,000-г амжиргааны зардалд зарцуулдаг гэж тооцдог бөгөөд хэрвээ та ганцаараа виз-нд “орох” бол хөрөнгийн батлан даалт болгож AUD20,000-г үзүүлэх шаардлагатай байх нь.
Харин хосоороо виз-нд орох бол AUD20,000 + AUD7,400 = AUD27,400, хүүхэдтэй бол хүүхэд тус бүрт AUD3,200-н хөрөнгийн баталгааг нэмж үзүүлэх хэрэгтэй …
Виз-нд хамт орох хүний тоо нэмэгдэх тусам “үзүүлэх” хөрөнгийн баталгааны хэмжээ нэмэгддэг учраас хүмүүс “ихэвчлэн” ганцаараа виз-нд ороод, дараа нь араасаа гэр бүлийн хүн болон хүүхдээ “татаж” авдаг.
Хөрөнгийн батлан даалтаа та өөрийн нэрийн дансаар гаргаж болохоос гадна ээж, аав, төрсөн ах, эгч, албан газраараа батлан даалгаж мөн болдог.
Хамгийн гол нь таныг хэн батлан даахаас үл хамааран, “хөрөнгийн батлан даагч тухайн хөрөнгөө хаанаас олсон бэ?” гэсэн орлогын эх үүсвэр тодорхой байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хэрвээ таны орлогын эх үүсвэр таны цалин бол та сарын цалингаа батлахын тулд нийгмийн даатгалын дэвтэр, цалин хүлээж авдаг дансны “дэлгэрэнгүй” хуулгаа сүүлийн 3-6 сарын байдлаар Австралийн “визний” албанд үзүүлэх шаардлагатай гэсэн үг …
Нөгөө талаас хэрвээ та хувиараа бизнэс эрхлэдэг бол татвар төлсөн баримт, ямар нэгэн албан газартай байгуулсан гэрээ, дансны хуулгаа сүүлийн 3-6 сарын байдлаар мөн үзүүлж, “нотлох” хэрэгтэй байх нь ээ …
Анхаарах зүйл нь, та хөрөнгийн баталгаагаа бэлтгэхдээ ”бага багаар”, орлогын эр үүсвэр нь ”тодорхойгоор”, ”урт хугацаанд” бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь, таны дансанд гэнэт их хэмжээний мөнгө, хаанаас ч юм орж ирсэн байвал таны материалыг хүлээн авч, “шалгаж” байгаа хүнд “сэжигтэй” санагдаж болзошгүй …
Тиймээс хэрвээ та “ирээдүйд” виз-нд орохоор төлөвлөж байгаа бол эртнээс, ”одооноос” бага багаар хөрөнгийн баталгаагаа бэлтгэж эхлээрэй …
1.4. Суурьших зардлын бэлтгэл
Суурьших зардал нь үндсэндээ дээр дурьдсан “хөрөнгийн баталгаа” мөн боловч зарим хүмүүс хөрөнгийн баталгаагаа зээлээр ч юм уу “босгосон” байдаг …
Тиймээс Австралид ирэхэд эхний ээлжийн зардал/суурьших зардал ойролцоогоор хэд болох талаар ганц бие хүний жишээгээр үзье. Үүнд:
- Онгоцны 1 талын нислэг, билетээ хэр “эрт” захиалсан бэ? гэдгээс хамаарч үнэ нь 1 хүний ~AUD1300 – AUD2000.
- Байрны түрээс – та өрөөндөө ганцаараа амьдрах уу, хүнтэй хамт амьдрах уу, дотроо угаалгын өрөөтэй өрөө (master bedroom)-нд байх уу, дундын 00-тэй өрөө (second bedroom or study room)-нд байх уу, аль дүүрэгт байх уу, train station-ээс хэр зайтай газар амьдрах уу? гэх зэргээс хамаарч таны байрны түрээс 7 хоногийн ~AUD150 – AUD500-д хэлбэлзэнэ. Анх байранд орохдоо байрны эзэндээ 1-2 долоо хоногийн bond (та байранд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулсан үед суутгана) болон 1-2 долоо хоногийн түрээс төлнө. Байрнаас гарах үед байрны эзэн өрөөг тань хүлээж аваад, ямар нэгэн асуудалгүй тохиолдолд таны байршуулсан bond-г буцаан олгоно. Жишээ нь, та 7 хоногийн AUD300-н байранд орлоо гэж бодоход, эхний ээлжинд дор хаяж AUD1200 (2 weeks bond + 2 weeks rent)-г төлөх “бэлтгэлтэй” ирэх нь ээ …
- Хүнс ~AUD250/week per person
- Transportation ~AUD50/week per person
- Хэрвээ та барилга дээр ч юм уу ямар нэгэн “тусгай” багаж хэрэгсэл, хувцас шаардсан ажил хийвэл хувцас хэрэгсэл худалдан авахад ~AUD500 …
Ерөнхийдөө хамгийн багадаа ~AUD3500 – AUD4000-г суурьших зардалд гаргана гэж тооцоорой.
Гэхдээ мэдээж Австралид ирээд шууд л эхний өдрөөс ажиллана, өдөр болгон ажиллана гэж тооцож болохгүй …
Мөн та ирээд шууд ажилд орлоо гэж бодоход тухайн ажилласан өдрөө ”шууд” цалингаа авахгүй, 7-14 хоног хүлээж байж цалинтайгаа ”золгоно” гэж бодоод санхүү болон сэтгэл зүйн бэлтгэлтэй ирээрэй 🙂
Суурьших зардалаа “хангалттай” бэлдэх нь таныг учирч болзошгүй стресс, эрсдэлээс хамгаалах юм шүү …
Дээрх бүхнийг тооцоод үзвэл сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, амжиргааны зардалд гарах 1 хүний “эхний ээлжийн” нийт зардал ~AUD30,000 буюу 60 сая гаран төгрөг болох нь …
Мэдээж таныг батлан даах ах, эгч, аав, ээж, албан байгууллага байвал дээрх үнийн дүн багасах “боломжтой” бөгөөд санхүүгийн бэлтгэлээ хэрхэн хийх нь уншигч таны “мэргэн ухаан”-аас хамаарна …
Хамгийн сайхан нь Австралийн оюутны виз нь хичээлийнхээ хажуугаар ажиллах ЭРХТЭЙ бөгөөд та Австралид нэгэнт ирсэн тохиолдолд ажил хийгээд амжиргаагаа зохицуулах бүрэн боломжтой юм шүү (Мэдээж таны хэр ажилч хичээнгүй, санхүүгийн сахилга баттай болохоос хамаарна …).
Санхүүгийн бэлтгэл дээр анхаарах зүйл
Заа та дээрх бүх санхүүгийн бэлтгэлээ “базаасан” гэж үзье.
Гэхдээ нэг ГАШУУН ҮНЭН юу вэ? гэхээр, хичнээн таны санхүүгийн баталгаа бүрэн байсан ч таны виз гарахгүй байх МАГАДЛАЛТАЙ …
Өөрөөр хэлбэл таны Австралид сурах гэж байгаа зорилго тодорхой бус, “итгэл үнэмшилгүй” байвал хичнээн та сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалаа төлсөн ч виз гарахгүй байж болно.
Тиймээс та дээрх санхүүгийн бэлтгэлийг хийх үедээ виз маань гарахгүй байх магадлалтай” гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд виз гарахгүй байх ЭРСДЭЛийг багасгах үүднээс сургууль сонголт, сурах гэж буй ”зорилго”-оо САЙН тодорхойлж, зуучлалын агентлагаас зөвлөгөө ”сайн” аваарай.
2. Австралид сурах зорилгоо “бэлдэх”
Дээр дурьдсанчлан хэдийгээр таны хөрөнгийн баталгаа бэлэн ч таны сурах зорилго тодорхой бус, итгэл үнэмшил ”муутай” бол таны виз гарах магадлал тэр хэрээр багасна.
Таны суралцах зорилго таны өдийг хүртэл олж авсан боловсрол болон ”туршлага”-аас ихээхэн хамаарна.
Жишээ нь, та дөнгөж их сургуулиа төгссөн шинэхэн төгсөгч байлаа гэж бодьё. “Би Австрали явж Англи хэлээ сайжруулангаа төгссөн мэргэжлээрээ коллеж-д сурч, Австралиас туршлага судлах хүсэлтэй байна” гэхэд таны визний материалыг ”шалгаж буй хүн”-д нээрээ л залуу дээрээ явж, газар үзэж, ”эрдэм” сурахад юу нь буруу байхав … гэж бодогдоно.
Харин хэрвээ та 30, 40н насны “босгыг давсан” бол дөнгөж их сургууль төгссөн хүнтэй харьцуулахад арай ӨНДӨР шалгуур тавигдана.
Жишээ нь, та өдийг хүртэл ямар сургууль төгссөн, ямар ажил хийсэн, цалин тань хэд вэ?, гэр бүлтэй юу? гэх мэт нэмэлт хүчин зүйлс таны настай уялдаж гарч ирнэ.
Өөрөөр хэлбэл таны наснаас хамаараад таньд тавигдах шаардлага нэмэгдэнэ ээ гэсэн үг.
Нас ахих тусам ”таны санхүү” баталгаатай байх шаардлагатай бөгөөд таны Монгол дахь орлого гэр бүлээ ”хангалттай” тэжээж, дээрээс нь гадаадад сурахад ”хангалттай” хүрэлцэхүйц байх хэрэгтэй.
Жишээ нь, та 3н хүүхэдтэй, 35н настай, сарын 1,200,000төгрөгний цалинтай, эхнэр тань одоогоор ажил эрхлээгүй гэж үзье. Энэ тохиолдолд, таны гэр бүлийн нийт орлого 1,200,000 төгрөг буюу 1 хүнд ноогдох 1 сарын үнэ 240,000 төгрөг, ~110AUD гэсэн үг.
Өрхийн орлого ийм тохиолдолд,
- Та дансандаа “хангалттай” мөнгөтэй байх, дансанд байгаа мөнгөний тань эх үүсвэр ”тодорхой” байх хэрэгтэй (Нэмэлт: Хүүхдийн хадгаламж хөрөнгийн баталгаанд тооцогдохгүй).
- Дансандаа ”хангалттай” мөнгөгүй тохиолдолд орлогын “ганц” эх үүсвэр болсон ААВ-н виз гарахгүй нь ээ …
Настай ”холбоотой” бас нэг асуудал нь таны суралцах түвшин.
Та Монголдоо аль хэдийн Доктор болсон гэж бодье. Доктор хүн яагаад Австралид коллеж-д сурах хүсэлтэй билээ??? гэсэн асуулт тавигдана аа …
Тиймээс таны боловсролын зэрэг баклавраас өндөр бол коллеж-с илүү Мастерт суралцахаар виз мэдүүлвэл илүү ”үнэмшилтэй”, виз гарах магадлал илүү …
Дээрхээс гадна, “сургалтын зорилго” гэдэгт таны одоогийн Англи хэлний түвшин мөн нөлөөлнө …
Хэрвээ та Англи хэл ”тодорхой” хэмжээнд мэддэг, үүнийгээ Англи хэлний түвшин тогтоох шалгалт (IELTS, TOEFL or PTE)-р баталсан бол энэ нь таныг ҮНЭХЭЭР Англи хэлтэй оронд ажиллаж, амьдарч, сурахыг ”хүсч” байгааг илтгэнэ.
Жишээ нь, та урьд нь ямар нэгэн хэлний түвшин тогтоох шалгалт өгч байгаагүй ч гэсэн Австрали руу хэлний бэлтгэлтэй коллеж-д суралцахыг хүссэн гэж бодьё.
- Энэ тохиолдолд, таны одоогийн Англи хэлний түвшинг мэдэхгүй учраас элсэхийг хүссэн коллеж тань таньд хэдэн 7 хоногийн хэлний бэлтгэл санал болгохоо шийдэхэд хүндрэлтэй.
- Коллежоосоо элссэн бичиг (CoE – Confirmation of Enrolment)-ээ авлаа гэж бодоход таны визийг ”шалгаж” буй хүн, “Англи хэлээ Монголдоо харьцангуй бага төлбөрөөр сурах боломжтой байхад яагаад заавал өндөр өртөгтэй Австралид сурах гэж???” гээд таны визийг татгалзах магадлалтай гэсэн үг (Австралид хэлний бэлтгэл 7 хоногийн ~AUD200 буюу 440,000төгрөг бөгөөд тухайн хэлний бэлтгэлээс хамаараад үнэ нь өшөө үнэтэй байх нь ч бий …)
Тэгэхээр хэрвээ та ирээдүйд Австралид суралцах төлөвлөгөөтэй бол ядаж Англи хэлний сургалтанд суугаад, сургалтанд сурсан гэсэн сертификат-аа ч болов визний хүсэлттээ ЗААВАЛ хавсаргаж өөрийн Англи хэл сурах хүсэл эрмэлзлэлээ “нотлоорой” …
Өмнө нь дурьдсанчлан Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо нь таны визний гаралтанд эерэгээр нөлөөлөхөөс гадна Австралид ирж Англи хэл сурснаас Монголдоо хэлээ сурах нь таны мөнгийг хэмнэнэ.
Зөвхөн мөнгөөр хязгаарлагдахгүй, Англи хэлтэй байснаар Австралид ирсний дараах амьдрал тань илүү ”хялбар” болох юм шүү.
Мөн түүнчлэн, хэлээ сайн бэлдээд ирвэл Австралид мэргэжлээрээ ажиллах, цаашлаад байнгын оршин суугчийн виз мэдүүлэх хүртэл боломжууд бий …
Тиймээс визэнд орох хугацаагаа хүлээнгээ аль болох эртнээс, “одооноос” Англи хэлний ерөнхий түвшингээ сайжруулаарай, сургалтанд суугаарай, боломжтой бол Англи хэлний түвшин тогтоох шалгалт (IELTS, TOEFL эсвэл PTE) өгөөрэй.
3. Сэтгэл санааны бэлтгэл
Дээр дурьдсанчлан Австралийн сургалтын виз мэдүүлэх нь танаас цаг хугацаа болон эдийн засгийн “ихээхэн” хөрөнгө оруулалт шаардана.
Харамсалтай нь сургалтын виз мэдүүлсэн хүн болгон визээ амжилттай авдаггүй.
Тэгэхээр хэрвээ та сургалтын виз мэдүүлэхээр нэгэнт шийдсэн бол ”миний виз гарахгүй ч байж магадгүй” гэж бодоод сэтгэл санааны, эдийн засгийн бэлтгэлтэй байгаарай …
Виз татгалзсан тохиолдолд визний хураамж, сургуульд элсэхдээ өгсөн хураамж болон аль нэгэн агентлагаар зуучлуулсан тохиолдолд зуучлалын хөлс зэргийг буцаан авах боломжгүй.
Тиймээс виз гарахгүй байх эрсдэлтэй гэдгийг сайн ойлгоод анхнаасаа бүх бичиг баримт болон санхүүгийн бэлтгэлээ сайн хийгээрэй …
Нэмэлт: Зуучлалын агентлагуудын үндсэн үүрэг нь таны бичиг баримт болон санхүүгийн бүрдүүлэлтийг хянах, зөвлөх бөгөөд сайн агентлагтай “хамтран ажиллах” нь таны виз амжилттай “гарах”-д хамгийн ихээр нөлөөлнө.
Яагаад “хамтран ажиллах” гэсэн бэ? гэхээр бүх зүйлсийг минь агентлаг бэлтгэж өгөх ёстой гэж агентлагтаа 100% даатгаж болохгүй ээ гэсэн үг.
Ялангуяа суралцах зорилгоо илэрхийлсэн/виз хүссэн захидал бичихдээ агентлагтайгаа зөвлөлдөж, өөрөө давхар ”оролцоод”, ач холбогдол сайн өгөхийг хүсье.
Учир нь, бүх бэлтгэлээ сайн хийсэн ч гэсэн “Яагаад заавал Австралид сурмаар байгаа вэ?” гэдгээ илэрхийлсэн захидлаа “хангалттай” сайн бичээгүйгээс, зорилгоо “хангалттай” сайн тодорхойлоогүйгээс виз татгалзах магадлалтай гэдгийг санахад илүүдэхгүй болов уу …
Дүгнэлт
- Хэрвээ таньд Австралид сурах хүсэл байдаг бол “одооноос” бага багаар, алхам алхамаар санхүү болон Англи хэлээ бэлтгээрэй. Энэ бэлтгэл дор хаяж 6 сар болно гэдгийг санаарай …
- Санхүүгийн баталгаагаа дан ганцаараа гаргах хэцүү бол таньд тусалж чадах, таны зорилгыг дэмжээд, “хөрөнгө” оруулалт хийх боломжтой ямар хүн, байгууллага байна судлаарай, олоорой …
- Нэгэнт виз мэдүүлэх шийдвэр гаргасан бол “би материалаа хангалттай бүрдүүлэхгүй бол миний виз гарахгүй ч байж магадгүй” гэж бодоод, визээ амжилттай болгохын тулд өөрөөс хамаарах бүхий л хүчин чармайлтыг гаргаж, “сайн” агентлагтай “хамтран ажиллаарай”.