Энэхүү постоороо Австрали улсад суралцах хүсэлтэй хүмүүст мэдээлэл өгөхийг зорьлоо.
Мөн миний хувьд ямар нэгэн зуучлалын агентлагийн төлөөлөгч биш бөгөөд өөрийн хувийн туршлагаа хуваалцаж байгааг анхаарна уу.
Австрали улсад ирэхийн тулд Монголчууд доорх ангилалын визнүүдээс мэдүүлэх боломжтой. Үүнд:
- Subclass 500 Student visas (оюутны виз)
- Subclass 600 Visitor visas (жуулчны виз)
- Subclass 485 Post graduate visa (Австралид их дээд сургууль төгсөгчдийн виз)
- Subclass 462 Work and Holiday visa (2022 оны 07 сарын 01-нээс хэрэгжиж эхлэсэн Аялангаа ажиллах виз)
- Subclass 590 Student Guardian visas (оюутны асран халамжлагчийн виз)
- Subclass 400, 403, 407 and 408 Temporary Activity visas (түр хугацааны үйл ажиллагааны виз)
- Subclass 300 Prospective Marriage visas (Австралийн иргэн, эсвэл байнгын оршин суугч, эсвэл тодорхой нөхцөл хангасан Шинэ Зеланд-н иргэнтэй “гэр бүлээ батлуулах гэж буй” иргэнд олгодог виз)
- Subclass 309 Spouse visas (Австралийн иргэн, эсвэл байнгын оршин суугч, эсвэл тодорхой нөхцөл хангасан Шинэ Зеланд-н иргэнтэй “гэр бүл болсон” иргэнд олгодог виз) (https://mongolia.embassy.gov.au/ulnb/Visa.html)
- Дээр дурьдсанаас гадна Австралид улсад байнгын оршин суух эрхтэй хэд хэдэн визэнд мэдүүлэх боломжтой. Үүнд: Skilled Nominated visa (subclass 190), Skilled Work Regional (Provisional) visa (subclass 491) гэх мэт багтана.
Энд дарж Австралийн визний дэлгэрэнгүй жагсаалттай танилцана уу …
Австралид суралцах боломж – Оюутны виз (Subclass 500)
Дээр дурьдсан Subclass 500 Student visas (оюутны виз)-ийг мэдүүлснээр Австралид суралцах боломжтой бөгөөд энэхүү оюутны виз нь 5 хүртэлх жилээр олгогддог.
- Хэлний бэлтгэл
- College, TAFE
- Undergraduate
- Post-graduate (Masters by Coursework/ Master of Research/ Doctor/ Post-Doctor) гэсэн үндсэн түвшинүүдээс сонгон суралцах боломжтой.
COVID-19-н нөхцөл байдалтай холбоотойгоор Австралийн оюутны виз эзэмшигч нь аль түвшинд суралцдагаас үл хамааран хязгааргүй цагийн ажиллах эрхтэй (work unlimited hours) байгаа бөгөөд гэр бүлийн гишүүдээ өөрийн “дагалдан”-гаар Австрали улсад авчрах боломжтой.
COVID-19-өөс өмнө Undergraduate болон түүнээс бага түвшиний оюутнууд 2 долоо хоногт нийт 40 цаг ажиллах эрхтэй “байсан” бөгөөд COVID-19-ийн улмаас ингэж ажиллах цагийн хязгааргүй болгож өгсөн нь Австралийн засгийн газраас олон улсын оюутнууд үзүүлж байгаа томоохон дэмжлэг болсон.
Австрали улсын оюутны виз мэдүүлэхэд ямар ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
1. Австрали улсын аль нэгэн сургуульд элссэн, урилга авсан байх
Хэрвээ та аль нэгэн агентлагаар зуучлуулж байгаа бол таны агентлаг таньд сургууль сонголттой холбоотой зөвлөгөө өгч, өөрсдийн “гэрээтэй”, таньд ямар нэгэн тэтгэлэг авч өгөх боломжтой сургуулиудаа санал болгож, сургуулийн урилга авахад тань туслах боломжтой.
Нөгөө талаар хэрвээ та сургууль сонголтоо хувиараа бие дааж хийхээр шийдсэн бол энд дарж “Австралийн Боловсрол Яам”-тай холбогдож, өөрийн суралцахыг хүсч буй сургуулиа сонгож болно.
Course Search гэсэн хэсэгт дарж хүссэн түвшиний, хүссэн мэргэжлийн сургуулиа хайгаарай.
Сургуулийн урилга авахын тулд доорх материалуудыг бүрдүүлж сургуульдаа явуулна. Үүнд:
- Өөрийн өмнө нь сурсан сургуулийн диплом, дүнгийн хуулбар (Англи, Монгол)
- Сурч байхдаа гаргаж байсан амжилт байвал түүнийхээ баталгаа
- Удирдагч багшийн тодорхойлох захидал (Жишээ нь: Academic letter of recommendation)
- Одоо ажилладаг бол ажлын газрын тодорхойлох захидал (Жишээ нь: Professional letter of recommendation)
- Суралцах хүсэлтээ илэрхийлсэн захидал (Жишээ нь: College application cover letter) Жич: Хэрвээ та ямар нэгэн агентлагаар зуучлуулж байгаа бол тухайн агентлагаасаа дээрх захидлуудын жишээг асууж, санал солилцож, өөрт тохирсон хамгийн сайн захидлаа “хамтран” бичиж, хянуулаарай …
- Зарим сургуулиуд сургалтын төлбөр төлөх чадамжаа нотолж банкны баталгаа үзүүлэхийг хүсдэг.
- Photo ID (Passport)
- Бүртгэлийн хураамж …
2. Эхний улирлын сургалтын төлбөрөө төлсөн байх
Суралцах хүсэлтээ илэрхийлсний тань дараа хэрвээ таны суралцах чиглэл болон түвшин тухайн сургуультай нийцэж байвал таны сургууль таньд суралцах урилга болон эхний улирлын төлбөрийн баримтыг илгээнэ.
Та эхний улирлын сургалтын төлбөрөө төлснөөр сургуулиа баталгаажуулах бөгөөд Австрали улсын сургалтын төлбөр сурах түвшин, мэргэжил болон сургуулийн зэрэглэл зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг.
Жишээ нь, дунд сургуулийн төлбөр жилийн AUD $7,800 – $30,000; баклавр жилийн AUD $15,000 – $33,000, магистр жилийн AUD $14,000 – $37,000 байхад хэлний бэлтгэл 7 хоногт ~AUD $300 байдаг.
Сургалтын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг сонгосон сургуулийнхаа website-р орж авна уу …
Жич: Сургуулиасаа урилгаа аваад, төлбөрөө төлсөн ч гэсэн таны Оюутны виз гарахгүй байх магадлалтай бөгөөд энэ тохиолдолд таны урьдчилан “төлсөн” сургалтын төлбөр 100% буцаан олгогдоно.
3. Гадаад оюутанд зориулсан эрүүл мэндийн даатгал (Overseas Student Health Cover (OSHC)) авсан байх
Австралид суралцах үедээ та ямар нэгэн эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдсан байх шаардлагатай бөгөөд ганц бие үү, хостой юу, эсвэл хүүхэдтэйгээ хамт гэр бүлийн даатгал хийлгэх үү, мөн даатгуулж буй даатгалын компани, эмнэлэгээс авах тусламж үйлчилгээний нэр төрөл зэргээс хамаарч даатгалын үнэ янз бүр байна.
Жишээ нь, миний хувьд 2018 онд 2 жилийн хугацаатай ганц бие хүний даатгалыг AHM-ээс 3,020,000 төгрөгөөр авч байсан бол одоо 2022 онд BUPA-гийн гэр бүлийн даатгалд сар тутамд 249AUD буюу ~ 549,045 төгрөг төлдөг.
- BUPA
- AHM
- Allianz гэх мэт эрүүл мэндийн даатгалууд байдаг бөгөөд эрүүл мэндийн даатгалыг хувиараа авснаас агентлагаар дамжуулан авах нь заримдаа хямдхан байдаг.
Учир нь, олон хүнийг даатгалын газартай холбож өгдөг учраас зарим даатгалууд агентлагуудад арай хямд үнийн санал ирүүлэх нь бий.
Тиймээс хэрвээ та агентлагаар дамжуулан виз мэдүүлж байгаа бол агентлагтайгаа эрүүл мэндийн даатгалынхаа талаар зөвлөлдөж, өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн даатгалаа сонгоорой.
4. Санхүүгийн баталгаа
Хэрвээ та Австралид суралцах хүсэлтэй бол дээр дурьдсан сургалтын төлбөрөөс гадна санхүүгийн баталгаа “үзүүлэх” шаардлагатай.
Санхүүгийн баталгаа гэдэгт байр, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тооцохгүй бөгөөд бодитоор банкны тоот дансанд байршиж буй мөнгө болон валютыг л санхүүгийн баталгаа гэж үзнэ.
“Оюутны виз мэдүүлэгч нь эхний 1 жилд гарах амжиргааны зардлаа бүрэн даах чадамжтай байх хэрэгтэй” гэсэн шалгуур тавигддаг.
Австралид ганц бие хүн жилд ~ 20,000AUD буюу ~40 сая төгрөгний зардал гаргадаг гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл та Австралийн оюутны виз мэдүүлж байгаа бол дансандаа доод тал нь 40 сая төгрөг байршуулах шаардлагатай байх нь ээ.
Гэхдээ сайн мэдээ нь, дээрх банкны баталгаа болох 40 сая маань заавал таны өөрийн нэрийн дансанд байрших шаардлагагүй бөгөөд таны эцэг эх, төрсөн ах, эгч, ажилладаг компани зэрэг таныг батлан дааж болно.
Гол нь та хэрвээ хэн нэгнээр батлан даалгаж байгаа бол тухайн хүнтэй/ байгууллагатай ойрын хамааралтай байх шаардлагатай бөгөөд таныг батлан даагчийн орлогын эх үүсвэр тодорхой, баталгаатай байх хэрэгтэй.
Орлогын эх үүсвэрээ батлахын тулд цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэрийн дэвтэр, албан гэрээ, банкны сүүлийн 3, эсвэл 6 сарын дэлгэрэнгүй хуулга зэргийг хавсаргах шаардлагатай.
Мөн таныг батлан даагч нь таныг батлан даах болсон шалтгаанаа илэрхийлсэн захидалыг орлогын эх үүсвэртэйгээ хавсарган Австралийн элчинд уламжлах хэрэгтэй.
Үүнээс гадна хэрвээ та хосоороо эсвэл хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлээрээ виз мэдүүлэх бол хүн тус бүрийн амжиргааны зардал нэмэгдсэнээр таны банкинд байршуулах үнийн дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь, эхнэр нөхөр хосоороо, хамт визэнд орох бол дор хаяж 80 саяын банкны баталгаа шаардлагатай болно …
Хэрвээ та агентлагаар дамжуулан виз мэдүүлж байгаа бол тухайн агентлаг нь таны одоогийн санхүүгийн нөхцөл байдал дээр дүгнэлт хийж, цаашдаа хэрхэх талаар зөвлөгөө өгөх боломжтой юм.
5. Англи хэлний түвшин
Монгол улс маань Англи хэлээр ярьдаг улс биш учраас Австралид суралцахын тулд та өөрийгөө Англи хэлний зохих түвшиний мэдлэгтэй гэдгээ батлаж, Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөхийг зөвлөдөг.
Мэдээж анхнаасаа “Англи хэл сурах зорилготой, хэлний бэлтгэлээр Австрали явмаар байна” гэж Англи хэлний сургалтын визэнд орох боломжтой боловч хэлний бэлтгэлээр виз гарах магадлал 50%-аас бага.
Учир нь Монгол улсын амжиргааны дундаж түвшинг авч үзвэл заавал өндөр өртөгтэй Австралид очиж, 7 хоногийн ~300AUD төлж Англи хэл сурснаас, Монголдоо Англи хэлээ сурах нь эдийн засгийн хувьд тухайн хүндээ хүндрэл багатай гэж үзээд, сүүлийн үед ДАН хэлний бэлтгэлийн виз гарахгүй, татгалзах магадлал өндөртэй “болсон”.
Хэлний оноогүй юм аа гэхэд ядаж “Монголдоо Англи хэлний сургалтанд суусан, Англи хэлээ сайжруулах гэж хичээсэн” гэж нотлох Англи хэлний сургалтын гэрчилгээтэй бол виз мэдүүлэх үед тэр нь таны давуу тал болох боломжтой бөгөөд хэлний бэлтгэл + коллеж гэсэн хослолоор виз мэдүүлэх нь визээ амжилттай авах магадлалыг тань нэмэгдүүлэх болов уу …
Австралийн сургуулиуд IELTS, TOEFL болон PTE гэсэн Англи хэлний түвшин тогтоох шалгалтуудыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд таны суух гэж буй сургалтын түвшин, сургууль, мэргэжлээс хамаарч таньд хэдэн оноо хэрэгтэй байх вэ гэдэг шийдэгдэнэ.
Жишээ нь, хэрвээ та IELTS overall 6.5, унших, сонсох, бичих, ярих хэсэг тус бүр дээрээ дор хаяж 6.0 оноотой бол ихэнх их сургуулиудын Магистрын түвшинд хэлний бэлтгэлгүй шууд суралцах боломжтой бол зарим коллежиудад IELTS overall 5.0 оноотой байхад нэмэлт хэлний бэлтгэлтэйгээр элсэх боломжтой юм.
Дээр дурьдсан IELTS, TOEFL болон PTE гэсэн Англи хэлний түвшин тогтоох шалгалтуудын оноо нь бие биендээ хөрвөх боломжтой бөгөөд миний хувьд зөвлөхөд “Хэрвээ таньд Англи хэлний шалгалтын оноо ойрын үед хэрэгтэй бөгөөд IELTS overall 6.5 хүртэлх оноог зорьж байгаа бол PTE-н шалгалт нь илүү “амар” шүү” …
Учир нь PTE-н шалгалт нь 100% компьютер дээр авагддаг бөгөөд “бэлэн загвар” ашиглах хамгийн их боломжтой шалгалт юм.
6. Визний хураамж
Та дээр дурьдсан үндсэн бичиг баримтуудыг бүрдүүлсний дараагаар нэмэлтээр
- Төрсний гэрчилгээ
- Иргэний үнэмлэх
- Гадаад пасспорт
- Цээж зураг
- Дунд, их дээд сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн хуулбар
- Гэрлэлтийн баталгаа (optional)
- Үл хөдлөхийн гэрчилгээ (optional)
- Машины гэрчилгээ (optional)
- Австралийн элчинд хандсан виз хүссэн захидал
- Санхүүгийн батлан даагчийн бичиг баримт, банкны сүүлийн 3 юм уу 6н сарын хуулга
- Эхнэр / нөхөр / хүүхдийнхээ бичиг баримт зэргийг өнгөтөөр хуулбарлаж, наториатаар батлуулаад, Монгол хэл дээрх бичиг баримтуудаа Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулж, сканердаад, “стандарт”-ын дагуу online-р юм уу цаасаар мэдүүлнэ.
Online-р виз мэдүүлэх нь илүү “амар” бөгөөд Online-р виз мэдүүлэхийн тулд та “Австралийн виз, цагаачлал хариуцсан хэлтэс (Department of Home Affairs)” рүү орж ImmiAccount нээх хэрэгтэй.
Энд дарж ImmiAccount нээнэ үү …
Та өөрийн нээсэн ImmiAccount дээрээ бүрдүүлсэн бичиг баримтуудаа зааврын дагуу нэг бүрчлэн “оруулж”, визний хураамжаа төлснөөр таны сургалтын визний хүсэлт Австралийн виз хариуцсан алба руу амжилттай илгээгдэнэ.
Сургалтын визний хураамж AUD650-ээс эхлэх бөгөөд та үндсэн виз мэдүүлэгч үү, дагалдан виз мэдүүлж буй гэр бүлийн хүн үү, хүүхэд үү гэдгээс хамаарч визний хураамжны үнэ хэлбэлзэнэ.
Хэрвээ та аль нэгэн агентлагаар дамжуулан виз мэдүүлж байгаа бол таны агентлаг таны сургууль сонголт, сургуулийн урилга болон эрүүл мэндийн даатгал авах, бичиг баримт бүрдүүлэлт, захидал бичих зэрэгт туслах боломжтой.
Мөн таны визний материалуудыг ImmiAccount-д оруулах, визний төлбөр төлөх зэргийг зуучлалын агентлагууд хийж гүйцэтгэдэг.
Өөрөөр хэлбэл, агентлагууд таны маш их цагийг хэмнэхээс гадна туршлага дээр суурилсан “мэргэжлийн” зөвлөгөөнийхөө ачаар таныг чиглүүлж өгдөг юм шүү.
Тиймээс хэрвээ та Австралийн оюутны виз мэдүүлж байгаа бол мэргэжлийн агентлагт хандаж зөвлөгөө аваарай.
7. Эрүүл мэндийн байдал
Сургалтын виз мэдүүлэгч нь “бие болон сэтгэцийн хувьд суралцах бүрэн боломжтой” байх хэрэгтэй бөгөөд үүнийгээ батлахын тулд виз авахаасаа өмнө эрүүл мэндийн үзлэгт ордог.
Хэрвээ таны банкны баталгаа болон бусад бичиг баримтанд ямар нэгэн асуудал байхгүй бол Австралийн элчингээс таньд эрүүл мэндийн үзлэгт орох “урилга” ирнэ.
Та HAP ID-аа ашиглан эрүүл мэндийн үзлэгт орох бөгөөд энэхүү HAP ID нь дээр #6-д дурьдсанчлан визний хураамжаа төлсний дараа таны ImmiAccount-д ирдэг.
Австрали улсын виз мэдүүлэгчдийн эрүүл мэндийн үзлэгийг Монголд SOS MEDICA MONGOLIA дээр авдаг бол Австрали улсаас виз мэдүүлэгчдийн хувьд BUPA Medical Visa Services-ийн салбарууд дээр авдаг.
Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр үйлчлүүлэгчийн нас болон үзлэгийн төрлөөс хамаарч янз бүр байх бөгөөд та шинжилгээ өгөхөөр очихдоо өөрийн Photo ID (Passport) болон HAP ID бүхий эрүүл мэндийн хуудсаа авч очно.
Эрүүл мэндийн шинжилгээгээр ихэвчлэн шээсний шинжилгээ, нүд, чих, цээжний зураг авдаг бөгөөд шээсний шинжилгээ өгөхийнхөө өмнө “ус сайн ууж, сайн шээгээд очоорой”.
Хэрвээ та жирэмсэн бол эрүүл мэндийн үзлэгийн цаг авах үедээ хэлж сануулах хэрэгтэй бөгөөд цээжний зураг авахуулах эсэхээ урьдчилан зөвлөлдөх боломжтой юм (цацраг туяанаас хамгаалах хормогч зүүхийг зөвлөдөг).
Мөн эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ үзлэгт орох боломжгүй бөгөөд үзлэгийн цагаа хойшлуулах хэрэгтэй.
Эрүүл мэндийн үзлэгт орсны дараа хэрвээ таньд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байвал таньд эмчилгээ бичиж өгөөд, хэдэн сарын дараа дахин шинжилгээ өгөхийг зөвлөдөг.
Харин эрүүл мэндийн хувьд эрүүл байвал таны Оюутны виз агентлагаар тань дамжиж юм уу эсвэл таны “нэр заасан” и-мэйл хаягаар ирнэ.
Австралийн виз нь цахим хэлбэр (PDF)-ээр ирдэг бөгөөд гадаад пасспорт дээр тавигдах ямар нэгэн тамга, дардасгүй гэдгээрээ онцлог юм.
Нөгөө талаар, хэрвээ таны визний хүсэлт амжилтгүй болвол та “таны визний хүсэлт яагаад татгалзсан шалтгаан”-ыг дурьдсан захидал хүлээн авах бөгөөд та дээрх захидал дээр дурьдсан виз татгалзсан шалтгааныг засаад, сургалтын визэнд дахин өргөдөл гаргах бүрэн боломжтой юм шүү…
Дүгнэж хэлэхэд, Австралийн сургалтын виз мэдүүлэх нь тодорхой хэмжээний цаг хугацаа, санхүү шаардсан ажил учраас хэрвээ та виз мэдүүлэхээр нэгэнт шийдсэн бол мэргэжлийн агентлагуудаас зөвлөгөө авч, виз мэдүүлэхэд бүрдүүлэх ёстой санхүү, сургууль сонголт, хэлний оноо зэргээ ЭРТНЭЭС бэлтгээрэй.
Энэ хүртэл уншсанд баярлалаа, Австралийн виз мэдүүлж буй бүх хүмүүстээ амжилт хүсье …